Үрийг тусгай зориулалтын дэлгүүр, цэгүүдээс авах нь хамгийн зөв. Ингэхэд тухайн газраас мэргэжлийн зөвлөгөө авч болдог давуу талтай. Дэлгүүрээс санал болгож буй нэр төрөлтэй дэлгэрэнгүй танилцан барааныхаа чанарыг лавлан магдлах хэрэгтэй.
Үрийн уутан дээр ямар тэмдэглэгээ байх ёстой вэ?
1.Үрийг уутыг анхааралтай ажиглаарай. Түүн дээр дараахь зүйлсийг заасан байх ёстой. Үүнд:
- Тухайн таримал ба сортын нэр.
- Тухайн таримал гибрид бол F1 гэсэн тэмдэглэгээ байх.
- Тухайн сорт болон агротехникийн тухай товч мэдээлэл.
- Үйлдвэрлэгч компанийн бүтэн нэр, хаяг ба холбоо барих утас /данц ганц нэр байх нь хангалтгүй/.
- Багцын дугаар /цаашид яг адил үр худалдан авах бол энэхүү дугаар танд тусална/.
- Хадгалах эсвэл хүчинтэй хугацаа. Энэ хугацааг үйлдвэрийн аргаар урьдчилан хэвлэсэн байх ёсгүй.
- Үрийн чанарыг тодорхойлсон стандартын дугаар.
- Уутан доторх үрийн тоо.
2.Үрийг хийсэн уут, савны чанарыг анхааралтай шалгах хэрэгтэй. Үүнд: хэр сайн наагдсан, зураг ба заавар бичгийг хэр цэвэр, зөв хийсэн г.м. Зах зээлд тодорхой байр суурьтай компаниуд үрийн чанарыг төдийгүй сав баглааны чанарыг зохих түвшинд өндөр байлгахыг хичээдэг.
Үрийг +10…+12 градустай сэрүүн, чийггүй газар хадгалсан байх ёстой. Хасах температуртай үед олон үр үхдэг.
3.Гэртээ хариад уут тус бүр дээр худалдан авсан огноог бичнэ. Дараа нь үрийг суулгасан огноог ч нэмж бичнэ. Хожим тухайн багцаас дахин адил үр авах эсвэл үйлдвэрлэгчид гомдол гаргах шаардлага гарч магадгүй тул савыг хаялгүй хадгалаарай.
4.Үрийн соёолох чадварыг хар ухаанаар эсвэл дам сонссон аргаар шалгаж үзэх гэх хэрэггүй. Тэгээд ч тэжээлийн бүрхүүлтэй үрийг янз бүрийн аргаар боловсруулж болохгүй.
Хэрэггүй зүйлс худалдан авахаас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ?
Юуны өмнө өнгөрсөн улирлаас үлдсэн үрнүүдээ сайтар шалга. Уутан дээрх хүчинтэй хугацааг нь үз. Хэдийд худалдан авснаа санахыг хичээ. Хэрэв аваад удсан байвал үр огт соёолохгүй эсвэл тааруу соёлох тул хаясан нь дээр.
Ялтсан төмөрлөг уутанцар бүхий саванд хийгдсэн зарим үр нь соёолох чадвараа заагдсан хугацаанаас илүү удаан хадгалдаг. Гэвч уутанцрыг задалмагц хамгаалтынх нь чадвар алдагддаг. Хэрэв өнгөрсөн улиралд бүх үрийг ашиглалгүй үлдээсэн бол одоо хадаглах хугацааг нь багасгаж эсвэл хоёр дахин илүү тоогоор суулга.
1.Олон жилийн турш тариална гэж их хэмжээгээр үр авах хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний чанар ямар байх нь тодорхойгүй. Үйлдвэрлэгч компанийн тусгай агуулахад байсан үртэй харьцуулахад гэрийн нөхцөлд хадгалж байсан үр нь соёолох чадвараа илүү хурдана алддаг. Тэгээд ч дараа жил нь илүү мундаг шинэ сорт гарч ирснээр хадгалж байсан үр “моралийн идэгдэлд орж” хуучирч болох талтай.
2.Талбайнхаа зургийг гаргаж дээр нь шангуудаа татаж зураад талбайг нь тооцолно. Энэ жил хэдий хэмжээний үр хэрэгтэй болохыг багцаалдана. Хэмнэлт гаргахыг хүсвэл хөршүүдтэйгээ хамтран худалдан авалт хийж үрийг дуустал нь хэрэглэж болно.
3.Суулгахыг хүссэн ургамлынхаа нэр төрөл ба сортын жагсаалтыг гарга. Дэлгүүрт ормогц барьц алдаад авахаар зэхэж байснаа бус харин худалдагч эсвэл хөндлөнгийн хүмүүсийг магтсаныг авах нь олонтаа. Гэтэл хүн болгон ургацанд өөрийн гэсэн шаардлага тавьж, хүн болгоны талбай өөрийн гэсэн ялгаатай, талбай тус бүрийн нөхцөл адилгүй. Иймд урьдчилан бэлдсэн жагсаалт барьц алдахгүй байхад хэрэгтэй.
4.Хүнсний ногоо ба цэцэгсийн сортыг шилж сонгохдоо өөрийн болон танилууд, найз нөхдийнхөө туршлагыг тооцон үзэж бай. Итгэдэг хүмүүстэйгээ зөвлөөд үз. Тэд илүү шинэ сайн сорт ургуулаад үзсэн байж болох талтай.
5.Өргөст хэмх, чэс буюу баклажан, томат, перец, петуния, арслангийн ам, хумсхан зэргийн үрийг худалдан авахдаа гибрид сортыг сонгох нь илүү зохистой. Учир нь, гибридүүд өвчин ба орчны таагүй нөхцөлд илүү тэвсэртэйгээс гадна хэлбэр, өндрийн хувьд жигд байдаг. Гибридүүдийн үрийг цуглуулж хэрэггүй гэдгийг энд дахин сануулахад илүүдэхгүй байх.
Үрийг хадгалах хугацаа
Шинэ улирал эхлэхийн өмнө үлдсэн нөөцөө шалгаж байхад гарч ирсэн хүнсний ногооны хуучин үрийг тарьж болох эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?
Уутан дээр заасан албан ёсны хугацаагаар баримжаа хийж болно. Гэхдээ компаниуд бүтээгдэхүүнийхээ эргэлтийг өндөр хадгалахын тулд үрийг нэг жилээс хэтрэхгүй хугацааны дотор зарж борлуулахыг хичээдэг. Ийм ч болохоор сав, уутан дээрх огноог харвал дийлэнхдээ үрийг уутлан савласнаас хойш 12 сарын дотор хүчинтэй хугацаа заасан байгаа нь анзаарагдана. Энэ бол үрийг шинэ дээр нь савлаад өнгөрсөн жил тарихад сайн соёолж байсан бол тэднийг хадгалж үлдээд ахиад хэдэн жилийн турш тарьж соёолуулж болно гэсэн үг. Таримал бүрийн хадгалвал зохих хугацаа янз бүр. Жишээлбэл, 2-3 жил болсон үрийн өргөст хэмхийн ургац эм цэцэг илүү олон өгдөг тул шинэ үрийнхээс илүү сайн байдаг. Тарвас, вандуй, амтат гуа, эрдэнэ шиш, өргөст хэмх, хулуу, эндивий, эскариол зэрэг ургамлын үр хамгийн урт буюу 5-6 жилийн хадгалалт даадаг. Харин гоньд буюу анис, катран, ногоон сонгино, майоран, муурын гаа, пастернак буюу цоор, яншуй, гишүүнээ, цагаан майлз, скорцонера, ногоон гоньд, чабер, щавель буюу хурган чих, эстрагон гэсэн ургамлын үр хамгийн богино буюу 1-2 жил л хадгалагддаг.